Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлт (2)
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Feb 15, 2024
- 2 min read
Updated: May 12
Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг хамгийн эрсдэл багатайгаар амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай суурь асуудал бол доорх 3 процессыг компани дээрээ стандартжуулж бэлтгэл ажлаа сайтар хангах явдал байдаг.
Шинэ бүтээгдэхүүний эрэлтийн судлах
Харилцагч, хэрэглэгчдэд борлуулалт хийж турших
Компанийн бүх удирдлагуудын хамтарсан шийдвэр гаргах
Дээрх 3 процессийг компани дээрээ стандартжуулж ирээдүйд бий болох учирч болох эрсдлээс сэргийлэх боломжтой байдаг.

1. Шинэ бүтээгдэхүүний эрэлтийг судлах процесс
Олон төрлийн судалгааны арга, хэрэгслээр шинэ бүтээгдэхүүний эрэлтийн судалгааг хийж болох бөгөөд гол нь доорх мэдээллийг боловсруулж, төлөвлөх зорилготой гэдгийг анхаараарай.
Ирээдүйн урт хугацааны эрэлтийн таамаглалыг боловсруулах
Борлуулалтын дунд хугацааны таамаглалыг боловсруулах
Борлуулалтын богино хугацааны төлөвлөгөөг боловсруулах
Шинэ бүтээгдэхүүний үнэ, өртөг, ашиг болон бусад боломжит нөхцөлүүдийг тогтоох
Ихэнхи компаниуд эрэлтийн судалгааг янз бүрийн аргачлалаар боловсруулдаг боловч дээрх мэдээллүүдтэй уялдсан төлөвлөлтийг хийдэггүй.
2. Шинэ бүтээгдэхүүний туршилтын процесс
Шинэ бүтээгдэхүүний туршилтын сайн жишиг нь хэрэглэгчдэд ямар нэгэн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа хийхгүйгээр санал болгож бодит эрэлтийг тогтоох байдаг.
Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд тодорхой үнээр санал болгож, худалдан авалт хийсэн хүмүүсийн хариу үйлдлийг судалдаг гэж ойлгож болно.
Гэвч зарим компаниуд дээр тестийн хэдэн бүтээгдэхүүнийг өөрсдийн ажилтнуудад үнэ төлбөргүй өгч хэрэглүүлэн туршилт хийх байдлаар тухайн процессыг ойлгодог муу жишиг байдаг.
Үүнээс аль болох зайлсхийж бодит хэрэглэгчийн төлбөр төлсний дараах сэтгэгдлийг туршилтдаа ашиглахыг хүсч байна.
3. Шинэ бүтээгдэхүүний хамтын шийдвэр гаргалтын процесс
Дээрх 2 процессыг өөрийн компанийн тогтсон стандартын дагуу хэрэгжүүлж амжилттай болсон үед эцсийн шийдвэр гаргалтын процесс эхэлдэг гэж ойлгож болно.
Тухайн шийдвэрийг гаргахдаа аль болох үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүхий л чиглэлийн удирдлагуудыг оролцуулах шаардлагатай.
Учир нь тухайн бүтээгдэхүүн амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх тохиолдолд бүгд хариуцлага хүлээж үүргээ биелүүлэх болдог.
Ихэнхи компаниуд хэдхэн хүний хүрээнд шийдвэрлэх сонирхолтой байдаг нь алдаатай шийдвэр,
мэдээллийн хоцрогдол болон хариуцлагын балархай байдлуудыг үүсгэдэг тул аль болох оролцогч талуудыг хамруулж хамтын шийдвэр гаргах нь оновчтой байдаг.
Дараагийн сэдвээр шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийн дараах 2 дахь удаагийн татан авалтын талаарх сайн практикийг авч үзэх болно.
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
