Бараа материалын тасалдалыг хэрхэн шийдэх вэ?
- Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК Info
- Oct 12, 2023
- 2 min read
Updated: May 12

Боломжит борлуулалтаа алдах, хэрэглэгчээ гомдоох, амласан үйлчилгээндээ хүрч чадаагүй зэрэг асуудал нь Худалдаа, үйлдвэрлэлийн компаниудын хувьд бараа материалын тасалдлаас ихээхэн шалтгаалдаг.
Бүх бараа материалыг тасалдалгүй байлгах боломжгүй бөгөөд харин чухал бараагаа тасалдал үүсэхээс сэргийлж эсвэл нэгэнт тасалдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох хэрэгтэй.
Иймээс бид танд дараах санал зөвлөмжүүдийг хүргэж байна.
Тасалдлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
Боломжтой, Тасалдлыг үүсгэж буй 2 гол хүчин зүйл болох Эрэлт болон нийлүүлэгчийн тодорхойгүй байдлыг судалж, тохирсон хариу арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх. Үүнд:
1. Эрэлтийн тодорхойгүй байдлыг удирдах, борлуулалтын таамаглалыг зах зээлийн судалгаанд үндэслэн боловсруулж, байнгын сайжруулалт хийх
2. Нийлүүлэгчийн тодорхойгүй байдлыг бууруулахад тоо хэмжээ, чанар, захиалга биелэлтийн хугацааг [Lead time] бүртгэж, гэрээнд заасан бус бодит гүйцэтгэлээр төлөвлөлт хийж хэрэгжүүлэх
3. Эрэлт болон нийлүүлэгчийн тодорхойгүй байдлыг шийдвэрлэх нэмэлт аюулгүй нөөцийг тооцох. Энэ нь нөөцийн үлдэгдлийг өсгөх эрсдэлтэй тул өөрийн байгууллагын зохистой үлдэгдлийн түвшинд аюулгүй нөөцийг бий болгох.
Нэгэнт тасалдал үүссэн тохиолдолд яах вэ?
Нийт бараа материал болон худалдан авагч/харилцагчдаа ABC/XYZ анализ эсвэл бусад арга хэрэгслүүдийг ашиглан хамгийн чухлыг эхэлж тодорхойлох.
Түүний дараа доорх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.
1. Үлдэгдлээ шалгаж захиалга болон нөхөн дүүргэлт хийх давтамжаа нэмэгдүүлэх. Мөн нийлүүлэгчийн захиалга биелэлтийн хугацаанаас [Lead time] ямагт үлдэгдлээ шалгаж захиалга гаргах [Review period] хугацаа богино байх хэрэгтэй гэдгийг санаарай.
2. Тасалдал үүсэх эрсдэлтэй бүтээгдэхүүн дээр хийгдэж буй төлбөрийн нөхцөл, үнийн хямдрал, урамшуулал зэрэг идэвхжүүлэлтийн арга хэмжээнүүдийг зогсоох
3. Чухал харилцагч, хэрэглэгчдэд төвлөрөх – Тасалдал үүсэх эрсдэлтэй бүтээгдэхүүн дээр хязгаарлалт тогтоож зөвхөн чухал харилцагч хэрэглэгчдэд нийлүүлэлт хийх
4. Хүнд бус автоматжуулалтад итгэх – Хэрвээ тасалдлын эрсдэлд орсон бол эцсийн бүтээгдэхүүнийг дуусах хүртэл зөвхөн автомат нөхөн дүүргэлтийн системд итгэж ажиллуулах
Онцгой тохиолдолд авах арга хэмжээ гэж байдаг уу?
Зөвхөн онцгой тохиолдолд, стратегийн шинжтэй эсвэл хэрэглэгч харилагчдад томоохон нөлөөлөл үзүүлдэг бүтээгдэхүүн тасалдал үүссэн тохиолдолд, нэг удаагийн шинжтэй дараах арга хэмжээг аваарай.
Уртасгасан цагаар ажиллах тасалдлын эсрэг шуурхай багийг бүрдүүлэх
Нийлүүлэгчийн зөвхөн бэлэн барааны нөөцийг урьдчилсан төлбөрт нөхцөлөөр худалдан авах
Хамгийн шуурхай тээвэр зууч болон тээврийн нөхцөлийг сонгон ажиллах [Агаарын тээвэр]
Урьдчилсан бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх [Гаалийн бүрдүүлэлт, тусгай зөвшөөрөл]
Урьдчилсан захиалга харилцагч хэрэглэгчдээсээ авч тусгай нийлүүлэлтийн систем ажиллуулах
Зардал, үр ашгийн тооцоо хийхээ мартаж болохгүй шүү. Дээрх бүх арга хэмжээ нь нэмэлт зардлуудыг үүсгэх тул зөвхөн онцгой тохиолдолд хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Танд илүү мэргэжлийн түвшинд асуудлаа шийдэхэд нь туслах мэдлэх, мэдээлэл хэрэгтэй байгаа бол доорх товчийг дарж ороод сонирхоод үзээрэй.
Таньд амжилт хүсье
